ШИЛЭН ДАНСНЫ АЖИГЛАЛТ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

“Тойргийн мөнгө”-ийг гадаадын тойрон аялалд хүртэл зарцуулж байна

Posted by budvaabyambaa on October 21, 2015

Нийслэлийн ИТХ-ын тойрогтой байтугай тойроггүй төлөөлөгчийн авч байгаа “тойргийн мөнгө”-ний зарцуулалтын тайлан олдохгүй байна. Д.Баттулга дарга тайлагнадаг, тэр ч бүү хэл аудитаар ордог гэж ярьсан нь худлаа бололтой. Бас саяхан “Ийгл” ТВ-ийн “Иргэний мэдээ” хөтөлбөрт оролцсон нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, төлөөлөгч Б.Отгонбаяр, ИЗНН-аас сонгогдсон Г.Ганхүү нар урамшууллын мөнгөө хэрхэн зарцуулсан талаар ярьсан нь олон хүний нүдийг бүлтийлгэв. 

Г.Ганхүү: Би 27 сая төгрөгөөрөө Энэтхэг, Япон, Вьетнам явж метро судалж, нэвтрүүлэг хийсэн

Ганхүү– Энэ 2012 онд байгуулагдсан НИТХ цоо шинээр урамшуулал гаргаад тансаглуулаад явчихлаа гэдэг яриа явж  байна. Энийг тэгээд санаатай, санаагүй, ухамсартай ухамсаргүй цацчихлаа, өөрсдөө авчихаад л цацаж байгааг нь мэдэж байна. Одоо тэр нь яахав. Энэ бол өмнөх НИТХ-д байсан. Сая Баттулга дарга ч хэллээ. Хэмжээг нь тухайн үедээ тогтоогоод явж байсан болохоос биш хуульдаа урамшуулал гээд заачихсан. Аглуугийн хэлдэг үг байна, би хуулиа л дагана гэдэг шиг. Бид хуулийнхаа үг, үсгийг өөрчлөх эрхгүй. Түүнээс биш Нямдорж гуай шиг жорлондоо сууж байгаа засчихгүй. Тийм учраас энэ мөнгө урамшуулал гэж явж байгаа, шилэн дансаараа ч ингээд мэдээлэгдэж байгаа.

Миний хувьд би бол тойргоос сонгогдоогүй. Намын төлөөллөөс сонгогдсон хүн, надад очоод зарцуулах тойрог байхгүй. Гэхдээ би юунд зарцуулсан бэ гэдгээ одоо хэлчихье.

Би анх НИТХ-ын төлөөлөгч болоод хоёрхон төсөл дээр ажиллаж байна. Манайхан ч мэдэж байгаа байх, өнөө Метрогоо л Ганхүү яриад явж байна гэж. Нөгөөх нь нийслэлдээ орчин үеийн урлагийн сайхан театртай болох. Энэ хоёр ажил маань хоёулаа тэгээс эхэлсэн. Одоо харин овоо урагшлаад нэг нь УИХ дээр яригдаад ТЭЗҮ нь батлагдах шатандаа явж байна.

Миний үүрэг юу байсан гэхээр метроны ач тусыг, Улаанбаатар хотын нийтийн тээврийг асуудлыг шийдэх ганц гарц бол метро юм аа гэдгийг ард түмэнд ойлгуулах тэр асуудал байсан.  Энэ талаар санаачилсан, дэмжсэн, олон явсан хүний байр сууринаас.

Би 27 сая төгрөгөө юунд зарцуулсан гэхээр 3 газар явсан. Энэтхэг, Япон, Вьетнам явж метро судалсан, метронд нь сууж үзээд, энэ тухай маш олон нэвтрүүлэг хийсэн байгаа, манайхан үзсэн байлгүй. Би нэвтрүүлгээ UBS-ээр үнэгүй цацуулсан ба бусад ТВ-ээр цацахгүй байж болохгүй, ганцхан ТВ-ээр гараад байж болохгүй байсан учраас NTV, Боловсрол, Монгол ТВ гээд бүх ТВ-ээр цацсан, өнөөдөр Улаанбаатарт 60, 70 ТВ байна, энэ бүгдээр нь цацуулсан. Энэ бүхэн чинь өртөгтэй. Ийм юмыг манайхан зөв ойлгох ёстой. Түүнээс энийг хувьдаа зарцуулсан байх юм бол аудитаар тогтоогдох юм бол энэ асуудал мөн. Тиймээс манай нэг ангийнхан болсон 45 төлөөлөгчид маань ухамсартайгаар юу юунд зарцуулснаа тайлагнаад явдаг. Түүнээс биш нээх сенсаацлаад ингээд яваад байх юм биш.

Утга нь юу вэ гэвэл. УИХ-ын гишүүдийн тойрогт ажиллах мөнгө эхлээд 10 сая, дараа нь 50 сая, 100 сая гэж байгаад одоо 2 тэрбум болсон байгаа. Үүнтэй яг адилхан шүү дээ.  Тэр нь урамшуулал гэдэг нэртэй биш тойрогт ажиллах зардал гэдэг нэртэй. Урамшуулал л гэж хэл ярианд хэлэгдэж, яригдаад байгаа болохоос. Иргэд энийг зөв ойлгох хэрэгтэй. Биднээс 27 саяыг шаардаад байгаа юм бол тэр УИХ-ын гишүүдээсээ 2 тэрбум, 76-д үржүүлээд хэд болж байна, тэгээд хаана юунд зарцуулсныг нь асуу. Тайланг нь гаргаад ир, тэр үед чинь шилэн данс байгаагаагүй, юу ч байгаагүй. Ихэнхийг нь хармаалсан гэдгийг би хэлнэ. Яаж яаж хармаалсныг нь ч би мэднэ. Тэгээд асуух хэрэгтэй ш дээ.

Б.Отгонбаяр: Би иргэдтэй уулзаж ярилцахын тулд цайны арга хэмжээ, гарын бэлэг авахад урамшууллын 27 сая төгрөгөө зарцуулдаг

Ер нь бол тэр 27 сая төгрөгтэй холбоотойгоор төлөөлөгчдийг нэлээн харлуулж их ярьж байна. Маш олон жишээг би ярьж чадна. Тойргоос сонгогдсон төлөөлөгчдөд бол ард түмнээс их асуудал ирдэг ээ. Жишээлбэл, хамгийн сүүлийх. Надтай уулзсан хүн, хөрөнгө мөнгө шаардлагатай асуудлын талаар ярьж байгаа юм. Би энэ дээр танд Улаанбаатар хотын төсвөөс тусалж чадахгүй нь ээ гэхээр тэгвэл чи төлөөлөгчөөр суусны хэрэг юу байгаа юм. Чамтай ярих юм байхгүй гээд дараачийн төлөөлөгч рүү явах жишээний. Төлөөлөгч нар ярьдаг, би очоод тойрогтоо арга хэмжээ зохион байгуулах гэхээр манай иргэд ирдэггүй. Гэтэл иргэдийг би ирүүлэхийн тулд бяцхан хэмжээний жижиг цайны арга хэмжээ, тэгээд ирэхэд нь жижигхэн гарын бэлэг өгдөг. Энэ бол нууц биш, тэгээд иргэддээ өнөө ярих юм яриад өргөн сайхан хамруулаад, хэлэх ёстой үгээ хэлээд, санал бодлоо солилцоод явдаг.

Гэтэл би нийслэл хотын тухай ярья, тулгамдсан асуудлаар хорооны асуудлаар хороон дээр уулзалт хийе гэхээр иргэд ирдэггүй. Иргэд идэвхгүй байдаг, тэгэхээр иргэдээ идэвхжүүлэхийн тулд урамшууллын мөнгөнөөсөө аваад хөшүүргийн арга хэмжээ хийж байна. Бас нэг энгийн жишээ, Ахмадын баяр хоёр удаа болоход, хөөрхий минь тэд нэг юм хараад сууж байгаа байхгүй юу. Нийслэлийн төлөөлөгч хүн байна, юу өгөх юм бол до гээд. Цагаан сар нэг хүлээж авах хэрэг гардаг. Аравдугаар сард Ахмадын баяраар нэг хүлээж авах хэрэг гардаг. Тэгээд нэг төлөөлөгч нь дунджаар таван хорооноос сонгогдсон гэхээр 28 хүнтэй, 5 хороо байлаа гэхэд тэнд чинь дор хаяж 1000-2000 ахмадтай уулзахаас өөр арга байхгүй. Би энийг төлөөлөгчийнхөө үйл ажиллагааны зардал гэдэг талаас нь ойлгоосой гэдэг үүднээс ярьж байна. Ганцхан үгэнд асуудал байна, хуульд урамшуулал гээд. Асуудал нь урамшуулал гэдэг үгнээс л болж байна. Энэ нөхдүүд хармаалаад байдгийн байна аа л гэж байна.

Үзэгч, иргэний байр суурь:

utas… Бат-Үүл ажил хийсэн нь хийсэн, хийгээгүй олон ажил байгаа… Та нар юу гэж амлалт өгч хотын төлөөлөгч болсноо санаарай. Ялангуяа Отгонбаяр аа! Наадах чинь “Бодь” даатгал биш шүү, НИТХ шүү. Та нар юу гэж хэлж амлалт өгч гарч ирлээ, ялангуяа гэр хорооллын иргэдэд. Тэр хотын төвөөр цэцэг тарих яах вэ. Энэ жилийн цэцэг бол бүр хөгийн. Долдугаар сарын 29, 30-ны үеэр тариад удахгүй үхчихдэг, тийм цэцэг тариад яах юм бэ. Цэцэг битгий тарь гэж байгаа юм биш, тарихдаа ямар цэцэг тарих уу, ямар ургамал тарих уу гэдгээ сонго л доо та нар. Олон наст ургамал цэцэг зөндөө байхад заавал нэг настайг нь тариад байх юм.

Тэгээд Отгонбаярын ярьж байгааг сонсохоор инээд хүрээд байх юм. Торйгийнхонтойгоо уулзахын тулд, иргэдэд хахууль төлдөг гэж ярьж байна. Ард түмнийг хахуульдана гэж байхгүй шүү. Чиний наад ярьж тайлбарлаж байгаагаар чинь бол “Би хүн цуглуулах гэсэн чинь ирдэггүй, ирэхгүй болохоор нь юм авч өгдөг” гэнэ үү. Боль оо. Тэгж ард түмнийг доромжлохгүй шүү, тэр тусмаа Улаанбаатарын иргэд чамд тэгж доромжлохгүй шүү.

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

 
%d bloggers like this: